Эцэг эхэд зориулсан

2011-03-27

Баг бүрдүүлэх 20 арга

1,2-р ангийн суралцагчдыг багт хуваахтүгээмэл аргууд

Идэвхтэй сургалтын нэгэн чухал хэсэг бол багаар зохион байгуулах явдал юм.Багийг аль болох богино хугацаанд, үр ашигтай байдлаар бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй.Хийх гэж буй үйл ажиллагааны зорилгоос хамааран багийн бүрэлдэхүүн, хэмжээ янз бүр байна.Багийг бүрдүүлэх, багийн гишүүдийн тоог тогтоох хэд хэдэн хувилбарыг авч үзье.

1.      Багийн карт: Тухайн үйл ажиллагаанд хичнээн хүн оролцох, хэдэн багаар ажиллахыг багш тогтооно. Жишээ нь: 20 сурагчтай нэг анги байлаа гэхэд 5 сурагчтай 4 баг, 4 сурагчтай 5 баг эсвэл 2 ажиглагчтай 3 сурагчтай 6 багт ажиллаж болно. Багуудын таних тэмдгийг янз бүрийн зүйлээр хийж болно.

·         Өнгөөр /улаан, хөх, ногоон, шар -4 хэсэг/ ялгах

·         Энгэрийн таних тэмдгээр /арслан, мич, бар, анааш, зааны зурагтай таних тэмдэг зүүсэн байх жишээтэй/ ялгах

·         Тоогоор /1-с 6 хүртэл тоолуулан, ижил тоотой хүмүүс 1 хэсэг болох/ ялгах г.м

Эдгээр таних тэмдэг нь сурагч бүрд байх нь ойлгомжтой.Бас сурагчдад тараасан материал дотор тухайн таних тэмдэг бүхий карт байж болно.Ийнхүү багийг бүрдүүлэх бэлтгэл хангагдмагц багш сурагчдаас ямар багт орохоо мэдээд, багийнхаа бусад гишүүдтэй нэгдэн, нэг газар цуглахыг хүснэ.Сурагчид багаа хурдан бүрдүүлбэл цаг хэмнэнэ.Цаг хэмнэх зорилгоор, багийн гишүүдийн цугларах газар тухайн багийн таних тэмдгийг байрлуулж болно.

1.      Эвлүүлэг: Хүүхдийн тоглоомын зориулалттай эвлүүлдэг зураг /жишээ нь 6 багаас бүрдсэн/ ашиглаж болно. Эсвэл та өөрөө сэтгүүлээс зурагнууд хайчлан авч, хатуу цаасан дээр наагаад, дараа нь хүссэн загвар, хэмжээ, ширхэгээр хайчлаарай. Хэдэн хүнтэй, хичнээн баг бүрдүүлэхээс хамааран эвлүүлгийнхээ тоог сонгоно. Хайчилсан эвлүүлгийн багуудыг хооронд нь холиод нэг сурагчид нэгийг өгнө. Багийг бүрдүүлэх ажил бэлэн болмогц багш сурагчдаас өөрт оногдсон багийг бусдынхтайгаа нийлүүлэх замаар тодорхой дүрсийг эвлүүлж, багаа бүрдүүлэхийг хүсээрэй.

2.      Алдар цуутай анд нөхөд, гэр бүлийнхнийг олох: Эх орны ба хүн төрөлхтний иргэншлийн түүх, тухайн нийгмийн улс төр, соёлын амьдралд нэр алдраа дуурсган, үлдээсэн алдарт хүмүүсийн гэр бүлийнхэн, анд нөхдийн нэрсийг бичих замаар хэсгийг бүрдүүлж болно. Тэдгээр нэр хүндтэй хүмүүсийн нэрийн тоо, сурагчдын тоотой тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл карт бүр дээр нэгэн алдартны нэрийг /эсвэл түүний анд нөхөр, гэр бүлийн гишүүний/ бичиж, дараа нь картуудыг хооронд нь холиод, сурагч бүрд нэг ширхэгийг өгнө. Багийг бүрдүүлэхэд бэлэн болмогц сурагчдаас өөрсдийн “гэр бүлийн гишүүд”, “анд нөхөд”-ийг олохыг хүснэ. Хамгийн түрүүнд бүрдсэн хэсэгт баяр хүргэх хэрэгтэй.

3.      Нэрийн хуудас: Багуудыг бүрдүүлэхэд янз бүрийн хэлбэр дүрстэй, өнгө өнгийн нэрийн хуудсыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл нэг янзын хэлбэр дүрстэй /эсвэл ижил өнгөтэй/ нэрийн хуудастай хүмүүс нэг хэсэгт орох юм.

4.      Төрсөн өдөр: Сурагчдын төрсөн өдрийнх нь дарааллаар нэг эгнээнд жагсаагаад дараа нь жижиг багуудад хувааж болно. Харин олон хүнтэй, том хэсэг бүрдүүлэх шаардлагатай бол төрсөн сарыг ашиглаж болно. Жишээ нь: 150 сурагчийг гурван хэсэгт хуваах шаардлагатай болвол 1-4-р сард төрсөн, 5-8-р сард төрсөн, 9-12-р сард төрсөн сурагчид нэг хэсэг болох гэх мэт

5.      Хөзөр: Багийг бүрдүүлэхэд хөзөр ашиглаж болно. Жишээ нь: 4 хүнтэй 4 хэсэг бүрдүүлэхэд хөзрийн боол, хатан, ноён, тамгыг хэрэглэх г.м Олон гишүүнтэй бол, том баг бүрдүүлэх бол хөзрийнхөө тоог нэмж ашиглаарай. Хөзрөө хольж хүн бүрд нэгийг өгсний дараа сурагчдыг өөрийн багт /ижил хөзөр авсан сурагчидтай/ очиж нэгдэхийг хүснэ.

6.      Дугаар сугалах: Хэдэн хүнтэй, хэдэн баг ажиллах шаардлагатай байгаагаас хамааран, хэсэг ба хүнийхээ тоонд тохируулан дугаарлаж, хуйлсан жижиг цаануудыг хайрцганд хийж холино. Дараа нь сурагчдаар сугалуулж, аль багт орсныг нь асууна. Жишээ нь: тус бүрдээ 4 хүнтэй 4 баг бүрдүүлэх болвол 1-4 хүртэл дугаарласан 16 ширхэг жижиг цаас хэрэглэх юм.

7.      Чихрийн өнгө: Сурагчдад янз бүрийн өнгөтэй, эсвэл янз бүрийн төрлийн чихэр тарааж өгнө. Гэхдээ чихрийн өнгө ба хэлбэр хичнээн янз байх нь хэдэн баг бүрдүүлэх хэрэгцээтэй холбоотой. Жишээ нь: гаа, лимон, гүзээлзгэнэ, чөмөгтэй чихэр тараан 4 хэсэг бүрдүүлж болно.

8.      Нэгэн төрлийн зүйлийг сонгох: Сурагчдаар ижил төрлийн тоглоом сонгуулах замаар багийг бүрдүүлж болно. Жишээ нь: машин, онгоц, завь, галт тэрэг сонгосон хүүхдүүд нэг баг болно. Учир нь энэ тоглоомууд нэгэн төрөлд хамаарна. Ийнхүү сурагч бүр хайрцагнаас тоглоом сугалаж өөртэйгээ ижил төрлийн тоглоом сугалсан хүүхдүүдтэй нэгэн баг болно.

9.      Тараах материал ашиглах: Хичээл дээр ашиглах зорилгоор сурагчдад тарааж өгсөн материалуудыг янз бүрийн өнгөтэй бичгийн үдээсээр хавчсан, эсвэл өөр өөр өнгийн цаасан дээр бичсэн, өөр /үдээс, хавтас, өнгө бүхий / тараах материал авснаасаа хамааран тухайн багт нэгдэх байдлаар багийг бүрдүүлж болно.

Багийн ахлагчийг сонгох болон багийн гишүүдэд ажил үүргийн хуваарь оногдуулах нь:

Багийн зохион байгуулалтаар үр дүнтэй ажиллахын тулд багийн гишүүн бүрийн хийх ёстой ажил тодорхой байх ёстой.Иймд багш багийн ахлагч, туслах ажилтан, цаг баригч, тэмдэглэл хөтлөгч, илтгэгч, үйл явцыг ажиглагч болон сурах материал хариуцсан зохион байгуулагчийг ажилд нь даруй томилох хэрэгтэй.Багш сурагчдыг дээрх ажилд аль болохоор саналаар нь хуваарилахыг хичээх хэрэгтэй.Дараах хувилбарууд байж болно.

1.      Цагаан толгойн дарааллаар томилох: Багийн сурагчдын нэрсийн цагаан толгойн дарааллыг ашиглан, дээр дурьдсан ажил үүргийн хуваарийг оногдуулна. Удаан хугацаагаар хамтран ажиллах багт дээрх үүргийг хэсэг хугацааны дараа сольж хэрэглэж болно.

2.      Төрсөн өдрийг ашиглан томилох: Сурагчдын төрсөн өдрийн дарааллыг ашиглан дээрх үүргийг хуваарилж болно. Удаан хугацаагаар хамтран ажиллах багт дурьдсан үүргийг тодорхой хугацааны дараа сольж хэрэглэнэ.

3.      Сугалааны дугаар: Багийн гишүүдийг дэс дараагаар тоолуулна. Дараа нь жижиг цаасуудыг дугаарлан, малгай дотор хийж холиод, хэсгийн гишүүдээр сугалуулна. Энэхүү сугалсан дугаар нь гүйцэтгэх ажлынх нь дугаартай тохирч байх шаардлагатай.

4.      Сугалааны өнгө: Дээр дурьдсан үүрэгт ажилд харгалзах ямар нэг өнгийг сонгож болно.

5.      Хувцасны төрөл: Дурьдсан үүрэгт ажлуудыг тодорхой төрлийн хувцас, эдлэлээс сонгох замаар хуваарилна. Жишээ нь: нүдний шил, мөнгөн эдлэл, цамц, ботинк г.м

6.      Санал өгөх: Багийн гишүүдийг ажил хүлээн авах хүний төлөө саналаа өгөхийг хүснэ. Саналаа өгч байгаа хүн рүү багийн гишүүд хуруугаараа зэрэг дохиж болно. Өрөөр хэлбэл тухайн үүрэгт ажлыг нэрлэхэд хамгийн олон хүний санал авсан хүн уг ажлыг авах жишээтэй.

7.      Санамсаргүй томилох: Багийн гишүүдээс гэрийнхээ утасны дугаарын сүүлийн 4 нэгжийн /тооны/ нийлбэрийг хэлэхийг хүснэ. Жишээ нь: 9999 гэсэн дугаар байвал 36 г.м. Дараа нь багш 1-36 хүртэлх тооноос аль нэгийг нь хэлнэ. Ингээд багийн гишүүдийн хэнийх нь хэлсэн тоо багшийн хэлсэн тоотой ойр байна тэр хүнээр тухайн үүрэгт ажлыг гүйцэтгүүлнэ.

8.      Дуртай амьтны нь нэрийг ашиглах: Эхлээд багийн сурагчдаар дуртай гэрийн тэжээмэл амьтныг нь нэрлүүлнэ. Дараа нь хамгийн олон сурагчийн санал авсан амьтны нэрийг 1, дараагийнхийг нь 2 г.м-р дугаарлана. Энэхүү дугаарт тохирох амьтны нэрэнд тухайн үүрэгт ажлыг харгалзуулж, сурагчдаар сугалуулах замаар уг ажилд томилж болно.

9.      Ам бүлийн тоог харгалзах: Хамгийн олон, хамгийн цөөхөн ах, эгчтэй, дүүтэй хүн нь тухайн ажилд томилогдох замаар хуваарилагдана.

10.  Орохын өмнө хуваарилсан байх: Хичээл эхлэхийн өмнө дуур дурьдсан багийн ахлагч ба гишүүний албан тушаалын нэрийг тусгай цаасан дээр бичин, баг бүрийн ажиллах газарт, тэдний нэрийн хуудас, сандал, ширээ, эсвэл тараах материал дээр байрлуулна. Гэхдээ баг бүрийн нэг гишүүн өөр хэсгийн нэг гишүүнтэй ижил төрлийн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг /өөрөөр хэлбэл, баг бүр нэг ахлагч, нэг тэмдэглэл хөтлөгчтэй байх г.м/ бодолцсон байх ёстой. Энэхүү бичигтэй цаас тараагч суралцагч /тараах материалаас, эсвэл сууж буй сандлаасаа г.м/ багийн гишүүний тухайн үүрэгт ажлыг гүйцэтгэнэ.

 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Сургалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Manai angi

Найзууд

. urnaa
. Нар өвөртөлсөн уул
. Urantulhuur
Бичлэг: 10 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax